Дефакто институт бол бие даасан, улс төрийн намаас хараат бус, ашгийн бус судалгааны төв юм. Бид улстөр, эдийн засгийн судалгаанууд хийх бөгөөд түүний дотор ардчилал, зах зээлийн эдийн засаг, хязгаарлалттай засаг, шинийг бүтээх (инноваци) чиглэлд төвлөрч ажилладаг.
Өнөөгийн нөхцөл байдал: Монголын эдийн засагт 2017 онд өсөлт гарахгүй нь гэж Дэлхийн банкны судлаачид таамаглаж байна. Өнгөрсөн онд 1 хувийн өсөлт л үзүүлсэн. Сүүлийн гурван жил эдийн засаг маань эрчимтэй уруудаж, өнөөдөр зээлээ ч төлж чадахгүй хэмжээнд хүрлээ. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засаг тун эгзэгтэй үе дээр байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүд энэ нөхцөл байдлыг төр засгийн тогтворгүй, хамгийн гол нь судалгаагүй бодлого, шийдвэртэй шууд холбоотой гэж дүгнэж байна. Жишээлбэл уул уурхайн салбарт “гэнэтийн ашгийн татвар” гэх мэт олон хуулиудыг батлаж, тун удалгүй цуцалсан. Тиймээс бид баримт, судалгаанд суурилсан шийдвэр гаргах орчин үеийн хандлагыг бий болгохын тулд энэхүү судалгааны төвийг ажиллуулах зайлшгүй шаардлага тулгарлаа.